Dreamer

2010-11-30

"Би чамд хайртай"

Ангилал: durtai

"Би чамд хайртай"  Х.Болор-Эрдэнэ

/Туужийн хэсгээс/

1-р хэсэг

Ирээдүй гэж бодож байгаа,хараахан бидэнтэй
 учраагүй зүйлс өнгөрсөн цагийн
үргэлжлэлюм. Хүмүүс зөрөн өнгөрч байна.
Тэд хэн нэгнийг эрж хайсаар өнгөрсөн цагийг үлдээгээд,
ирээдүй рүү явж оддог. 

Шинэ жилийн уур амьсгал орж, хаа сайгүй гял цал чимэглэл өнгө өнгийн гоёл чимгээ зүүсэн албан байгууллага, айл гэрийн цонх хаалга ямар нэгэн баяр хөөрийг зөгнөх мэт хөл хөдөлгөөнтэй. Хүмүүс хоорондоо өрсөх мэт дэлгүүр хоршоогоор сүлжилдэж, бэлэг сэлт, чимэг гоёл эрэн хөлхөлдөнө. Хөдөөгийн бололтой нэгэн клубийн танхимд дээрх уур амьсгал илт мэдрэгдэх бөгөөд баярын өмнөх бэлтгэл ажил ид өрнөнө. Гацуур мод тойрон бужигнах залуус гар гартаа барьсан гоёл чимэглэлийн өнгөлөг сайханд автсан мэт дуу шуу ихтэй, хөл хөгжөөнтэй.
-Алив, надад саа аваад өгөөч...
-Энийг тэр дээд талд нь зүүчих...
-Одоо гэрлийнхээ залгуурыг нааш нь тат...
-Энэ тоглоом уначихмаар харагдаад байна...
Заалны голд бужигнах залуусын энэ мэт яриа хөөрөө тасралтгүй үргэлжлэх бөгөөд дээр дооргүй үймэн шуугих, ямар нэгэн зүйлд илт мэрийх шуурхай энэ ярианы хажууд ганцхан хүн л болж байгаа бүхнийг анзаарсан эсэх нь тодорхойгүй янзтай хөдөлгөөнгүй сууна. Хоёр гараа өвдөг дээрээ тавин сандал дээр суусан тэр хүнийг анзааргагүй хүн харвал жирийн л нэг барималтай андуурахаар хөдөлгөөнгүй аж. Цайвар царайтай биерхүү тэр залуугийн нүдэнд үй олон бодол эргэлдэж байгааг ажигч хүн бол олж харж болмоор. Гэнэт хөшингө хүний царайд инээмсэглэл тодров. Түүний нүд урт цэнхэр нөмрөг намируулсан цагаан сахалт өвгөний араас салахгүй дагах бяцхан жаалхүүг  харах бөгөөд тэдний яриа түүний анхаарлыг  татсан нь илт.
-Өвөө, танай гэр хаана байдаг юм бэ?
-Манайх уу? Манайх холын холд, хойт мөсөн далайн хөвөөнд байдаг юм даа.
-Өвөө та тэгээд даардаггүй юм уу?
-Өвлийн өвгөн чинь даардаггүй юм ш дээ, хүү минь.
-Аан... Өвөө, та хүүхдүүдийн захиаг яаж авдаг юм бэ?
-Өвөө нь үү, өвөөгийнх нь амьдардаг газарт томоос том далай байдаг юм. Тэр далай надад хүүхдүүдийн хүслийг шивнэдэг юм даа.
-Тийм гэж үү? Тэгвэл та миний хүслийг бас мэдэх үү?
-Өө, мэдэлгүй яахав. Чи чинь шинэ жилээр унадаг дугуй гуйсан шүү дээ.
Хүүг өвлийн өвгөний нүүр лүү гайхан харахад тэр инээд алдав. Үүнийг ажиглан суусан өнөөх залуу ч бас инээд алдлаа. Жаалхүү өвгөнийг дахиад л асуултаар булж гарав.
-Өвөө, та тэгээд унадаг дугуй авчирсан уу?
-Авчралгүй яахав.
-Тэгээд тэр дугуй чинь хаана байгаа юм бэ?
-Дугуй юу? Дугуйг гэрт чинь аваачаад тавьчихсан.
-Нээрээн үү?
-Юу гэж өвлийн өвгөн  худлаа хэлэх билээ дээ...
Өвлийн өвгөний дүрд хувилсан хүн өөрийнхөө хүүтэй ийнхүү хууч хөөрч байгаа гэдгийг тэнд байгаа бүх хүнээс зөвхөн жаалхүү л эс гадарлах тул ажиглагч залуу маань хөшингө нуруугаа анх удаа тэнийлгэж байгаад ганцаараа тааз ширтэн хэдэнтээ инээд алдав

***

Цэнгэлдэх хүрээлэнгийн уужим том талбай дээр борооны зөөлөн дусал хаялж, хаа сайгүй хальтиргаа ихтэй болсон харагдана. Үзэгчдийн суудал бүрэн дүүрээгүй ч шинэлэг спортын хорхойтон бас ч цөөнгүй бололтой. Тамирчдын гараас гарт дамжих бөмбөгний буухиа болгонд уухай хадаж, хэн нэгэн шартай үзэгчийн зандрах дуу огцом ялгарна. Тэвхгэр том мөртэй цамц өмсөж, хамгаалалтын дуулга духдуулсан тамирчдын дундаас эрч хүч, хөдөлгөөний хурд овсгоогоороо илт ялгарах нэгэн залууг үзэгчид илүүтэй дэмжинэ.“Хангай гүйгээрэй. Хангай, ура...аа...аа” хэмээн дуу алдах залуухан бүсгүй олноос онцгойдуухан суусандаа ч тэр үү, эсвэл бүрхэг бүүдгэр өдрийг зурвасхан гэрэлтүүлэх мэт ягаан шүхэр барьсандаа ч тэр үү содон харагдана. Хангай хэмээн дуудуулах залууг оноогдсон үүргээ амжилттай гүйцэтгэх бүрт бүсгүй өөрөө ялчихсан мэт нүдэнд нь баяр гэрэлтэх бөгөөд өөрийн мэдэлгүй дуу алдан алгаа ташин, гар даллана. Задгай хүрэн үс, цэвэрхэн тунгалаг царай, шулуухан  хамар нь хараа булаам харагдах тэрхүү бүсгүйг Золбоо гэдэг. Тун удахгүй 25 насныхаа баярыг хийхээр зэхэж байгаа ч зан ааш нь танхил, гэнэн томоогүй шинжээ хадгалан үлдсэн нь залуусын анхаарлыг эрхгүй татна.
Регби буюу америк хөл бөмбөг хэмээн нэрийдэх энэхүү спортоор хичээллэх хүсэлтэй  залуусын тоо жил ирэх бүрт нэмэгдсээр байгаа ч хүнд бэрх, тэсвэр шаардсан сорилтуудыг нь тэр бүр давж гарах хүн ховор тул тэмцээнд өрсөлдөх цөөн хэдэн тамирчид чамгүй нэр хүндтэй. Ялангуяа Хангайн хувьд энэ спортоор хичээллэгсдийн дундаас цойлж гарч ирж байгаа залуусын нэг тул Золбоо бүсгүй дотроо түүгээр ихэд бахархана. Гэвч тэрхүү эв хавгүй, бүдүүн тоймын яриатай залууд чин сэтгэлээсээ хайртай эсэхээ шууд хэлчихэж мэдэхгүй тул тэр бүр хайр сэтгэлийн тухай яриа өрнүүлэхээс цэрвэнэ. Цаг хугацаа өнгөрөхөд Золбоо Хангайд халуун сэтгэлээр дурлана гэдэгтээ итгэдэг.
Гэнэт үзэгчдийн уухайлах дуу огцом өндөрсөж, Хангайн шидсэн сүүлчийн бөмбөг шийдвэрлэх ялалтыг тунхаглахад Золбоо ухасхийн босоод дороо баярлан дэвхцэв.
Талбайн голд ялсан багийнхан бөөгнөрч, шийдвэрлэх оноог авчирсан Хангайн дээрээс давхралдан дарсаар нэгэн бүхэл хүн овоо болов. Төдөлгүй хав дөрвөлжин цээжтэй залуусын овооролдоон шингэрч бөмбөгөө цээжиндээ тас тэвэрсэн Хангай инээд алдсаар босож ирээд Золбоогийн сууж байгаа зүг рүү гараараа эв хавгүйхэн дохив. Үзэгчид ч зугуухан тарж эхэллээ. Төдөлгүй хувцсаа сольсон тамирчид цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгаар цуван гарч ирэхэд Золбоо инээмсэглэсээр сэтгэлт залуугаа тосон зогсож байлаа. Хангай эрчүүдээс тасран Золбоогийн зүг  алхахад залуус араас нь салах ёс хийх зуураа бас ч гэж бүсгүйг шохоорхон харна.
-Хангай, чи сайн байсан шүү хэмээн хажуугаар нь зөрөн өнгөрсөн нэгэн залуу хэлээд мөрөн дээр нь нөхөрсгөөр алгадав. Золбоо,
-Хангай, чи үнэхээр мундаг байсаан. Би ганцаараа хашгираад л, хашгираад л...  гэхэд толгойгоо өргөн алсыг ширтэн алхаж байсан Хангай алхаагаа сааруулан,
-Чи бас хашгирч чаддаг байх нь ээ? Би лав дуулаагүй юм байна гэхэд Золбоо урам хугарах мэт хошуугаа унжуулав.Золбоо,
-Өө, чи юун өөдгүй юм бэ? Хүн тэр хавиар нэг хашгирч байхад ганц ч удаа сонсоогүй юм уу? Намайг хүмүүс гайхаад байсан гээч гэлээ. Хангай инээд алдан толгой сэгсрэхээс өөр зүйл хэлсэнгүй. Золбоо шүхрээ эвхэн бариад орчноо эргэцүүлэн харав.  Өдөржин уйлагнасан бороо сая л нэг татрах шинжтэй болсон байхыг ажиглан тэнгэр ширтэж явсан Золбоо хажуугийн намхан байшингийн дээвэр дээр суусан хос тагтааг олж хараад,
-Хангай би чамд тагтааны онигоо ярьж өгөх үү гэв. Хангай,
-Тэг л дээ...

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 275 удаа

Сэтгэгдлүүд

2010-12-2 -

Бичсэн: bon_bon
кино ч гоё шүү
. Шууд холбоос

2010-11-30 - "Би чамд хайртай"

Бичсэн: dreamer
киног нь мэдээж үзсэн байх их гоё кино ялангуяа өөскөөгийн хэсгүүд их инээдтэй ккк
харин та номыг нь олж уншиж байсануу
олж уншаарай сонирхолтой шүү
. Шууд холбоос

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 

Миний тухай

Мөрөөдлийн хязгаар үл харагдана

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Мөрөөдөгч Хуудас
. My expance
. Music is my life
. Nomusic Nolife
. No listen nolife
. Мөрөөдөгч

Найзууд

. Garin
. Dunsger
. Цагаан хараацай
. bon_bon
. MUckEr
. Sky Walker
. Хүслийнжигүүр
. Зоригт ван

MusicPlaylist
Music Playlist at MixPod.com

Тоолуур

Миний блогийн 147849 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 88 » Нийт: 192
Өмнөх | Дараагийн
idiomatic-dormant